Миний хувьд 8-р сарын 30-ны өдөр Солонго хараа заслын төв эмнэлэгт “Smart sight” хагалгаа хийлгэсэн. Үйлчилгээний талаар сэтгэгдлээ хуваалцъя гэж бодлоо.
Би 8 настайгаас хойш өнөөг хүртэл 26 жил тасралтгүй нүдний шил зүүсэн. Энэ хугацаанд хараа бага багаар муудсаар хагалаанд орох өдөр зүүн нүд -5,5 баруун нүд -3,5, цилиндртэй шил зүүдэг болсон байв. Энэ жил хараа заслын лазер хагалгаанд орохоор төлөвлөж, Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн эмнэлэгүүдийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, үнэ, үйлчлүүлэгчийн сэтгэгдэл зэргийг бага зэрэг харьцуулж судалсан юм. Солонго нүдний эмнэлэг нь хараа заслын хагалгаагаар дагнасан Солонго Лазик төв байгуулж, түүндээ ХБНГУ-аас хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж ашигладаг болохыг олж мэдсэн.
Лазер хагалгаа хийлгэхээс өмнө нүдэндээ иж бүрэн шинжилгээ хийлгэж тухайн өвчтөнд лазер хагалгаа хийх боломжтой эсэх, PRK, Trans PRK, LASIK, Femto LASIK, Smart sight нарын аль нь тохиромжтой болохыг тодорхойлдог байна. Миний хувьд хараа заслын хагалгааны аль ч төрлийг сонгон хийлгэх боломжтой талаар эмчийн дүгнэлт гарсан. Эдгэрэлт хурдан, гам барих хугацаа богино гэдгээр нь Smart sight хагалгааны төрлийг сонгосон. Дашрамд дурьхад Smart Sight хагалгааг Монгол Улсад зөвхөн Солонго Лазик төв хийж буй юм байна. Шинжилгээ өгөх, хагалгаанд бэлдэх явцад менежер, эмч, ажилтнууд хагалгаа тус бүрийн онцлог, үр дүн, цаашид анхаарах зүйлсийг үйлчлүүлэгч тус бүрт дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Хагалгааны дараа үйлчлүүлэгч бүрт 4-н төрлийн нүдний дусаалга, зөвлөмжийн хамт өгсөн нь үйлчлүүлэгчийн нүдний хараа тогтох хүртэл эм, дусаалга нэмж авах, чанаргүй, найдваргүй бүтээгдэхүүнээс үүдэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийлсэн мэт эерэг сэтгэгдэл төрүүлж байлаа.
Эмнэлгийн орчин цэвэр, тухтай, зохион байгуулалт сайн, үйлчлүүлэгч бүрийг товлосон цагтаа хүлээлт үүсгэлгүй үзэж, үйлчилгээ үзүүлж байсан. Мөн төлбөрийн уян хатан нөхцөлтэй байсныг дурьдах нь зүйтэй. Миний хувьд хагалгааны тал төлбөрийг олон улсын эрүүл мэндийн даатгалын компаниар төлүүлсэн. Хагалгаа хийснээс хойш үйлчилгээний төлбөр шилжиж дууссан ч үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хагалгааны дараах давтан үзлэгүүдийг тухай бүрд хийж байсан.
Солонго Лазик эмнэлгийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье!

